Skip to Content

Нууцлалын бодлого

Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, хамгаалдгийг эндээс уншина уу.

Албан баримт

Нууцлалын бодлогыг уншина уу. Асуулт гарвал холбоо барих хэсэгт хандана уу.

Шинэчилсэн:

MINING SKILL СИСТЕМИЙН НУУЦЛАЛЫН НӨХЦӨЛ

Баримт бичгийн хувилбар: 1.0

Баталсан огноо: 2026.09.16

Хүчин төгөлдөр болох огноо: 2026.09.16

Мэдээлэл хариуцагч: “Энержи Ресурс” ХХК

Системийн хариуцсан нэгж: Сургалт хариуцсан нэгж

Баримт бичгийн ангилал: Нийтэд нээлттэй

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү Нууцлалын нөхцөл нь “Энержи Ресурс” ХХК (“Компани”)-ийн сургалт хариуцсан нэгжийн дотоод систем болох Mining Skill вэб системийн платформ, гар утасны аппликэйшн болон түүнтэй холбоотой үйлчилгээг ашиглах явцад хүний хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хадгалах, хамгаалах болон устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Mining Skill нь дараах этгээдэд зориулсан байгууллагын дотоод сургалтын мэдээллийн систем болно:

  • Компанийн үндсэн ажилтан;
  • Гэрээт болон туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтан;
  • Дадлагажигч, түр ажилтан болон холбогдох бусад хөдөлмөр эрхлэгч, ажил гүйцэтгэгч;
  • Сургагч багш, сургалтын зохицуулагч;
  • ХАБЭА, хүний нөөц, мэдээллийн технологи, аудитын эрх бүхий ажилтан;
  • Компанийн зөвшөөрлөөр системд нэвтрэх бусад хэрэглэгч.

1.3. Энэхүү нөхцөл нь Mining Skill системийн Үйлчилгээний нөхцөл, Компани болон гэрээт компанийн ажилтнууд, Компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж байгаа хувь хүний мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал, баримт бичиг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалтын болон бусад холбогдох бодлого, журамтай хамт хэрэглэгдэнэ.

1.4. Энэхүү нөхцөл болон хууль тогтоомж, Компанийн эрх бүхий этгээдийн баталсан дотоод баримт бичгийн хооронд зөрүү гарвал Монгол Улсын хууль тогтоомж болон эрх бүхий этгээдийн баталсан баримт бичгийг баримтална.

2. Бодлогын зорилго

2.1. Энэхүү бодлогын зорилго нь:

  • Хэрэглэгчид түүний талаар ямар мэдээлэл цуглуулж байгааг ойлгомжтой мэдээлэх;
  • Мэдээллийг ямар зорилго, үндэслэлээр ашиглахыг тодорхойлох;
  • Шаардлагатай хэмжээнээс илүү мэдээлэл цуглуулахгүй байх;
  • Мэдээлэлд зөвхөн эрх бүхий этгээд нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хамгаалах;
  • Мэдээллийн эзний хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл, зөрчлийг удирдах;
  • Хувийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны хариуцлага, хяналтыг тодорхой болгоход оршино.

3. Нэр томьёо

3.1. Энэхүү нөхцөлдараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

“Компани” гэж “Энержи Ресурс” ХХК-ийг;

“Mining Skill” буюу “Систем” гэж Mining Skill вэб платформ, гар утасны аппликэйшн, өгөгдлийн сан, сервер, сургалтын контент, тайлан болон холбогдох дэд системийг;

“Мэдээллийн эзэн” гэж Mining Skill системд мэдээлэл нь цуглуулагдаж, боловсруулагдаж, ашиглагдаж байгаа хүнийг;

“Мэдээлэл хариуцагч” гэж хувийн мэдээлэл боловсруулах зорилго, арга хэрэгслийг тодорхойлж байгаа “Энержи Ресурс” ХХК-ийг;

“Мэдээлэл боловсруулагч” гэж Компанитай байгуулсан гэрээ, үүрэг, чиглэлийн дагуу Mining Skill-ийн мэдээллийг боловсруулах үйлчилгээ үзүүлэгч этгээдийг;

“Хувийн мэдээлэл” гэж хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой мэдээллийг;

“Эмзэг мэдээлэл” гэж хуулиар эмзэг мэдээлэлд хамааруулсан эрүүл мэнд, биометрик, генетик болон бусад тусгай хамгаалалт шаардсан мэдээллийг;

“Сургалтын мэдээлэл” гэж сургалтын захиалга, хуваарь, ирц, оролцоо, үзсэн хичээл, шалгалтын оролдлого, хариулт, оноо, үнэлгээ, гэрчилгээ, ур чадварын баталгаажуулалт болон сургалтын түүхийг;

“Үйлдлийн бүртгэл” буюу “лог” гэж хэрэглэгчийн нэвтрэлт, хандалт, мэдээлэл өөрчилсөн үйлдэл, сургалтын явц, шалгалт болон системийн ажиллагаатай холбоотой автоматаар үүсэх техникийн бүртгэлийг тус тус ойлгоно.

4. Мэдээлэл боловсруулахад баримтлах зарчим

4.1. Компани хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа дараах зарчмыг баримтална:

  • Хуульд нийцсэн, шударга, ил тод байх;
  • Тодорхой, ойлгомжтой зорилготой байх;
  • Цуглуулсан зорилгоос өөр зориулалтаар ашиглахгүй байх;
  • Зөвхөн шаардлагатай, хамааралтай мэдээллийг цуглуулах;
  • Мэдээллийг үнэн зөв, шинэчилсэн байлгах;
  • Шаардлагатай хугацаанаас удаан хадгалахгүй байх;
  • Мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах;
  • Үүрэгт суурилсан, хамгийн бага эрхийн зарчмаар хандалт олгох;
  • Мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд хариуцлага, нотлох бүртгэлтэй байх;
  • Мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
  • Систем болон үйл ажиллагааны өөрчлөлтөд эрсдэлийн үнэлгээ хийх;
  • Хувийн мэдээлэл хамгаалах шаардлагыг системийн загвар, хөгжүүлэлтийн эхнээс тусгах.

5. Мэдээлэл хариуцагч

5.1. Mining Skill системийн хүрээнд боловсруулж байгаа хувийн мэдээллийн мэдээлэл хариуцагч нь:

Байгууллага: “Энержи Ресурс” ХХК

Хаяг: Сэнтрал Тауэр 16 давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14200, Монгол Улс

Сургалтын асуудал хариуцсан цахим шуудан: uhg.training@mmc.mn

Утас: +976 70122279, 70132279

Хувийн мэдээлэл хамгаалах асуудал хариуцсан нэгж: Сургалтын нэгж

Хувийн мэдээллийн хүсэлт хүлээн авах цахим шуудан: contact@mmc.mn

5.2. Mining Skill-ийн техникийн ашиглалт, сургалтын үйл ажиллагаа болон хувийн мэдээллийн хүсэлтийг холбогдох чиг үүргийг хариуцсан өөр өөр нэгж хариуцаж болно.

6. Бид ямар мэдээлэл цуглуулах вэ?

6.1. Хувь хүнийг таних мэдээлэл

Системд дараах мэдээллийг боловсруулж болно:

  • Овог, нэр;
  • Ажилтны дугаар;
  • Байгууллагын бүртгэлийн болон давтагдашгүй дугаар;
  • Хэрэглэгчийн нэр;
  • Профайл зураг;
  • Төрсөн огноо эсхүл насны ангилал (зөвхөн сургалтын явцад зайлшгүй шаардлагатай тохиолдолд);
  • Хэрэглэгчийг танихад шаардлагатай бусад мэдээлэл.

Иргэний үнэмлэхийн дугаар болон бусад өндөр эрсдэлтэй таних мэдээллийг зөвхөн хууль, гэрээ, сургалтын тусгай шаардлагаар зайлшгүй шаардлагатай тохиолдолд цуглуулна.

6.2. Холбоо барих мэдээлэл

  • Албан болон хувийн утасны дугаар;
  • Албан болон зөвшөөрөгдсөн цахим шуудангийн хаяг;
  • Мэдэгдэл хүргүүлэх сонгосон суваг;
  • Хэрэглэгчийн дэмжлэг авахдаа өгсөн холбоо барих мэдээлэл.

6.3. Хөдөлмөр эрхлэлт, байгууллагын харьяаллын мэдээлэл

  • Үндсэн болон гэрээт байгууллагын нэр;
  • Хэлтэс, газар, алба, хэсэг, нэгж;
  • Албан тушаал, ажил мэргэжил;
  • Ажлын байр, талбай, байршил;
  • Ээлж, ростер болон ажиллах хуваарь;
  • Шууд болон чиг үүргийн удирдлага;
  • Хөдөлмөр эрхлэлт болон үйлчилгээний харилцааны төлөв;
  • Ажилд орсон, шилжсэн, ажлаас гарсан огноо;
  • Сургалтын шаардлага тодорхойлоход шаардлагатай ажил үүргийн мэдээлэл.

6.4. Сургалтын мэдээлэл

  • Оноосон болон сонгосон сургалт;
  • Сургалтын захиалга, хүсэлт;
  • Сургалтын хуваарь, байршил;
  • Танхимын болон цахим сургалтын ирц;
  • Сургалт эхэлсэн, үргэлжлүүлсэн, дуусгасан огноо, цаг;
  • Хичээл үзсэн хугацаа болон гүйцэтгэлийн хувь;
  • Видео, материал, даалгаврын гүйцэтгэл;
  • Шалгалтын оролдлого, хариулт, оноо;
  • Практик болон ур чадварын үнэлгээ;
  • Сургагч багш, үнэлгээчний баталгаажуулалт;
  • Сургалтын үр дүн, төлөв;
  • Гэрчилгээ, батламж, эрхийн дугаар;
  • Гэрчилгээний олгосон болон дуусах хугацаа;
  • Давтан сургалтын шаардлага;
  • Сургалтын түүх болон холбогдох нотлох бүртгэл.

6.5. Мэргэжлийн болон ажил гүйцэтгэх эрхийн мэдээлэл

Ажил үүрэг болон сургалтын шаардлагад хамаарах тохиолдолд:

  • Мэргэжлийн үнэмлэх;
  • Чадамжийн гэрчилгээ;
  • Машин механизм, тоног төхөөрөмж ажиллуулах эрх;
  • Тусгай сургалтын баталгаажуулалт;
  • Өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэхэд шаардагдах сургалтын эрх;
  • Үнэмлэх, гэрчилгээний дугаар, төрөл, хүчинтэй хугацаа;
  • Эрх олгосон байгууллага болон баталгаажуулалтын төлөв.

6.6. Техникийн болон үйлдлийн мэдээлэл

Системийн ажиллагаа, аюулгүй байдал, аудитын зорилгоор дараах мэдээллийг автоматаар бүртгэж болно:

  • IP хаяг;
  • Нэвтэрсэн огноо, цаг;
  • Нэвтрэх оролдлого болон үр дүн;
  • Хэрэглэгчийн сессионы (системд нэвтэрсэн түүх) мэдээлэл;
  • Төхөөрөмжийн төрөл;
  • Үйлдлийн систем;
  • Хөтөч болон аппликэйшний хувилбар;
  • Төхөөрөмжийн ерөнхий таних мэдээлэл;
  • Хэл болон бүсийн тохиргоо;
  • Систем дотор үзсэн хуудас, сургалт;
  • Мэдээлэл үүсгэсэн, өөрчилсөн, устгасан үйлдэл;
  • Системийн алдаа, гацалт, ажиллагааны мэдээлэл;
  • Аюулгүй байдлын сэжигтэй үйл ажиллагаа;
  • Сургалтын болон шалгалтын цахим мөр.

Төхөөрөмжийн нарийвчилсан таних мэдээллийг зөвхөн системийн аюулгүй байдал болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хэмжээгээр боловсруулна.

6.7. Санал хүсэлт, хэрэглэгчийн дэмжлэгийн мэдээлэл

  • Санал, хүсэлт, гомдлын агуулга;
  • Цахим шуудан болон дэмжлэгийн хүсэлт;
  • Хавсаргасан зураг, файл;
  • Системийн алдааны тайлбар;
  • Хүсэлт шийдвэрлэсэн түүх;
  • Хэрэглэгчтэй харилцсан бүртгэл.

6.8. Хэрэглэгчийн оруулсан контент

Системийн боломжид хамааран:

  • Сургалтын даалгавар;
  • Файл, зураг, баримт бичиг;
  • Санал, сэтгэгдэл;
  • Хэлэлцүүлгийн мэдээлэл;
  • Сургалтын хүсэлт;
  • Баталгаажуулах баримт;
  • Хэрэглэгчийн сайн дурын үндсэн дээр оруулсан бусад мэдээлэл.

6.9. Гар утасны аппликэйшний зөвшөөрөл

Тодорхой үйлдлийг ашиглах үед аппликэйшн дараах зөвшөөрлийг хэрэглэгчээс хүсэж болно:

  • Мэдэгдэл хүлээн авах;
  • Камер ашиглах;
  • Зураг болон файл сонгох;
  • Баримт бичиг хавсаргах;
  • QR код уншуулах;
  • Төхөөрөмжид файл хадгалах.

Зөвшөөрөл шаардсан боломжийг идэвхжүүлэхээс өмнө хэрэглэгчид зориулалт болон ашиглах мэдээллийг тайлбарлана. Зөвшөөрлийг төхөөрөмжийн тохиргооноос өөрчлөх боломжтой боловч зарим үйлдэл хязгаарлагдаж болно.

6.10. Байршлын мэдээлэл

Mining Skill нь хэрэглэгчийн байршлыг ердийн сургалтын үйл ажиллагаанд тогтмол хянахгүй.

Сургалтын ирц, талбайн нэвтрэлт эсхүл тусгай үйл ажиллагаанд байршлын мэдээлэл шаардлагатай бол:

  • Хэрэглэгчид урьдчилан тодорхой мэдээлэл өгнө;
  • Хуульд нийцсэн эсэх үндэслэлийг тогтооно;
  • Зөвхөн шаардлагатай нарийвчлалтай мэдээлэл цуглуулна;
  • Хадгалах хугацааг хязгаарлана;
  • Төхөөрөмжийн зөвшөөрлийг хэрэглэгчээс тусад нь авна.

7. Мэдээллийг ямар эх үүсвэрээс авах вэ?

7.1. Мэдээллийг дараах эх үүсвэрээс авч болно:

  • Мэдээллийн эзэн;
  • “Энержи Ресурс” ХХК-ийн хүний нөөцийн систем;
  • Сургалт хариуцсан нэгж;
  • ХАБЭА-н нэгж;
  • Ажилтны шууд удирдлага;
  • Гэрээт байгууллагын эрх бүхий төлөөлөгч;
  • Сургагч багш, үнэлгээч;
  • Ирц бүртгэлийн төхөөрөмж, qr систем;
  • Компанийн нэвтрэх эрхийн болон бусад зөвшөөрөгдсөн систем;
  • Mining skill вэб болон гар утасны аппликэйшн;
  • Хуульд заасан эрх бүхий байгууллага;
  • Хэрэглэгчийн зөвшөөрөлтэй бусад эх үүсвэр.

7.2. Гэрээт байгууллага ажилтныхаа мэдээллийг Компанид дамжуулахдаа тухайн мэдээллийг цуглуулах, дамжуулахад тавигдах хуулийн шаардлагыг хангасан байна.

7.3. Өөр системээс мэдээлэл автоматаар солилцох бол мэдээллийн төрөл, зорилго, эрхийн түвшин, шинэчлэлийн давтамж болон хариуцлагыг холбогдох гэрээ, журам, техникийн баримт бичгээр зохицуулна.

8. Мэдээллийг ямар зорилгоор ашиглах вэ?

8.1. Хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулж ашиглана:

8.1.1. Хэрэглэгчийг бүртгэх, таньж баталгаажуулах

  • Хэрэглэгчийн бүртгэл үүсгэх;
  • Хэрэглэгчийг таних;
  • Нэвтрэх эрх олгох;
  • Нууц үг сэргээх;
  • Нэг удаагийн код болон аюулгүй байдлын мэдэгдэл хүргүүлэх;
  • Зөвшөөрөлгүй нэвтрэлтийг илрүүлэх.

8.1.2. Сургалтын хэрэгцээ тодорхойлох

  • Албан тушаал, ажил үүрэгт шаардлагатай сургалтыг тодорхойлох;
  • Заавал болон сонгон суралцах сургалт оноох;
  • Урьдчилсан шаардлага шалгах;
  • Гэрчилгээ, эрхийн хүчинтэй хугацааг хянах;
  • Давтан сургалтын хэрэгцээ тодорхойлох.

8.1.3. Сургалт зохион байгуулах

  • Сургалтын хуваарь гаргах;
  • Бүртгэл, захиалга хүлээн авах;
  • Танхим, сургагч багш болон сургалтын нөөц төлөвлөх;
  • Хэрэглэгчид мэдэгдэл хүргүүлэх;
  • Танхимын болон цахим сургалтын ирц бүртгэх.

8.1.4. Сургалтын явц, үр дүнг үнэлэх

  • Сургалтын явц хянах;
  • Шалгалт авах;
  • Оноо, үр дүн тооцох;
  • Практик ур чадвар баталгаажуулах;
  • Дахин шалгалт, давтан сургалт зохион байгуулах;
  • Сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх.

8.1.5. Гэрчилгээ болон сургалтын эрх удирдах

  • Цахим гэрчилгээ үүсгэх;
  • Гэрчилгээний хүчинтэй хугацаа хянах;
  • Ажлын байранд тавигдах сургалтын шаардлага шалгах;
  • Эрхийн хугацаа дуусах мэдэгдэл хүргүүлэх;
  • Гэрчилгээний үнэн зөв байдлыг баталгаажуулах.

8.1.6. ХАБЭА болон мэргэжлийн шаардлагыг хэрэгжүүлэх

  • Ажилтан шаардлагатай сургалтад хамрагдсан эсэхийг шалгах;
  • Өндөр эрсдэлтэй ажилд тавигдах сургалтын шаардлага хянах;
  • Ажлын байрны аюулгүй ажиллагааны чадамжийг дэмжих;
  • Осол, зөрчил, үл тохирлын шалгалтад сургалтын нотлох баримт ашиглах;
  • Залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөх.

8.1.7. Удирдлагын тайлан, дүн шинжилгээ хийх

  • Сургалтын хамрагдалт;
  • Сургалтын хоцрогдол;
  • Сургалтын цаг;
  • Шалгалтын үр дүн;
  • Гэрчилгээний хүчинтэй хугацаа;
  • Байгууллага, нэгж, албан тушаалаар гаргасан тайлан;
  • Сургалтын хэрэгцээ болон гүйцэтгэлийн үзүүлэлт боловсруулах.

Тайланг боломжтой тохиолдолд нэгтгэсэн эсхүл хүнийг шууд тодорхойлох боломжгүй хэлбэрээр ашиглана.

8.1.8. Аудит, хяналт, нийцлийг хангах

  • Дотоод болон хөндлөнгийн аудит;
  • Хууль, стандарт, гэрээний хэрэгжилт;
  • Байгууллагын нэгдсэн менежментийн тогтолцооны хяналт;
  • Сургалтын бүртгэлийн үнэн зөв байдал;
  • Мэдээллийн аюулгүй байдлын хяналт;
  • Эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

8.1.9. Системийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах

  • Алдаа илрүүлэх, засах;
  • Хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээллийн нөөцлөлт хийх;
  • Системийн хүчин чадал, ажиллагааг хянах;
  • Зөвшөөрөлгүй хандалт илрүүлэх;
  • Кибер халдлагаас хамгаалах;
  • Аудитын мөр хадгалах;
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг шалгах.

8.1.10. Систем болон сургалтыг сайжруулах

  • Хэрэглэгчийн туршлага үнэлэх;
  • Системийн ашиглалтыг нэгтгэсэн байдлаар шинжлэх;
  • Сургалтын агуулга, бүтэц сайжруулах;
  • Техникийн ажиллагааг оновчлох;
  • Сургалтын үр нөлөөг нэмэгдүүлэх.

Системийг сайжруулах зорилгоор мэдээлэл ашиглахдаа боломжтой хэмжээнд нэргүйжүүлэх, нэгтгэх болон хүнийг тодорхойлох боломжийг хязгаарлана.

9. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах хуулийн үндэслэл

9.1. Компани хувийн мэдээллийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр цуглуулж, боловсруулж, ашиглана.

9.2. Тухайн үйл ажиллагаанаас хамааран дараах үндэслэлийг хэрэглэж болно:

  • Монгол Улсын хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх;
  • Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон бусад гэрээний хэрэгжилтийг хангах;
  • Ажил олгогчийн сургалт зохион байгуулах, ХАБЭА-г хангах үүргийг хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн эзний болон бусдын амь нас, эрүүл мэнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
  • Компанид хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх;
  • Мэдээллийн аюулгүй байдал, залилан, зөрчлөөс хамгаалах;
  • Мэдээллийн эзний зөвшөөрөл;
  • Хуульд заасан бусад үндэслэл.

9.3. Системийн Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн нь бүх төрлийн мэдээллийг бүх зорилгоор боловсруулах ерөнхий зөвшөөрөл болохгүй.

9.4. Зөвшөөрөлд үндэслэн мэдээлэл боловсруулах, цуглуулах, ашиглах үед хэрэглэгчид дараах мэдээллийг урьдчилан өгч, зөвшөөрөл авна:

  • Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт, төрөл;
  • Мэдээлэл цуглуулах зорилго;
  • Мэдээлэл хариуцагчийн нэр;
  • Мэдээлэл дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт;
  • Мэдээллийг нийтэд ил болгох эсэх;
  • Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа;
  • Зөвшөөрөл өгөхөөс татгалзах болон зөвшөөрлөө буцаах боломж;
  • Татгалзсанаас үүсэх боломжит хязгаарлалт.

9.5. Мэдээллийн эзнээс анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор мэдээлэл ашиглах шаардлага үүсвэл дахин зөвшөөрөл авна.

9.6. Зөвшөөрлөө буцаасан нь зөвшөөрлийг буцаахаас өмнө хуулийн хүрээнд хийгдсэн боловсруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

10. Эмзэг мэдээлэл

10.1. Mining Skill нь ердийн сургалтын үйл ажиллагааны хүрээнд хүний эрүүл мэнд, биометрик, генетик болон бусад эмзэг мэдээллийг шаардлагагүйгээр цуглуулахгүй.

10.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, мэргэжлийн тохирц, тусгай сургалтын шаардлагаар эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах шаардлага үүсвэл:

  • Хуульд нийцсэн байх;
  • Зөвхөн шаардлагатай хамгийн бага мэдээллийг цуглуулах;
  • Тусгай эрхийн хязгаарлалт хэрэглэх;
  • Мэдээллийг тусгаарлан хамгаалах;
  • Хандалтын бүртгэл хөтлөх;
  • Хадгалах хугацааг тусад нь тогтоох;
  • Мэдээллийн эзэнд шаардлагатай мэдэгдэл хүргүүлж зөвшөөрөл авсан байх;
  • Эрсдэлийн үнэлгээ хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

10.3. Эрүүл мэндийн дэлгэрэнгүй онош, эмчилгээний мэдээллийг сургалтын системд оруулахгүй. Шаардлагатай бол зөвхөн сургалтад оролцох эсхүл ажил гүйцэтгэхэд хязгаарлалттай эсэх зэрэг хамгийн бага шаардлагатай төлөвийн мэдээллийг ашиглана.

11. Күүки болон ижил төрлийн технологи

11.1. Mining Skill вэб платформ нь дараах күүки болон ижил төрлийн технологийг ашиглаж болно:

Зайлшгүй шаардлагатай күүки

  • Хэрэглэгчийн сессион хадгалах;
  • Нэвтрэлтийг баталгаажуулах;
  • Хуурамч хүсэлт болон халдлагаас хамгаалах;
  • Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах;
  • Хэл, үндсэн тохиргоог хадгалах.

Эдгээр күүкигүйгээр системийн үндсэн үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүй байж болно.

Сонголттой аналитик күүки

  • Системийн ашиглалтыг нэгтгэсэн байдлаар шинжлэх;
  • Алдаа, ажиллагааны асуудал илрүүлэх;
  • Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах.

11.2. Сонголттой аналитик күүки ашиглах бол хэрэглэгчид мэдээлэл өгч, шаардлагатай тохиолдолд сонголт хийх боломж олгоно.

11.3. Күүки удирдах самбарт дараах ангиллыг тусад нь харуулах нь зохистой:

  • Зайлшгүй шаардлагатай;
  • Үйл ажиллагааны;
  • Аналитик;
  • Гуравдагч талын медиа.

11.4. Гуравдагч талын видео болон бусад контент хэрэглэгчийн төхөөрөмжид күүки байрлуулах боломжтой бол тухайн контентыг идэвхжүүлэхээс өмнө мэдээлэл өгнө.

12. Хэн мэдээлэлд нэвтрэх вэ?

12.1. Хувийн мэдээлэлд зөвхөн албан үүргээ хэрэгжүүлэхэд тухайн мэдээлэл зайлшгүй шаардлагатай эрх бүхий этгээд нэвтэрнэ.

12.2. Дараах нэгж, ажилтан өөрийн эрх, үүргийн хүрээнд мэдээлэлд нэвтэрч болно:

  • Мэдээллийн эзэн өөрөө;
  • Сургалт хариуцсан ажилтан;
  • Сургагч багш, үнэлгээч;
  • Ажилтны шууд удирдлага;
  • Гэрээт байгууллагын эрх бүхий сургалтын зохицуулагч;
  • ХАБЭА хариуцсан ажилтан;
  • Хүний нөөцийн эрх бүхий ажилтан;
  • Системийн администратор;
  • Мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдлын ажилтан;
  • Дотоод аудит, нийцлийн ажилтан;
  • Хууль, эрсдэлийн удирдлагын эрх бүхий ажилтан;
  • Компанийн эрх бүхий удирдлага.

12.3. Шууд удирдлага болон гэрээт байгууллагын төлөөлөгч зөвхөн өөрийн хариуцсан ажилтан, гэрээ, нэгжийн хүрээнд шаардлагатай мэдээллийг үзнэ.

12.4. Системийн администратор техникийн засвар үйлчилгээ хийхдээ сургалтын агуулга болон хувийн мэдээлэлд шаардлагагүйгээр нэвтрэхгүй.

12.5. Эрхийн түвшнийг:

  • Ажил үүрэг;
  • Байгууллагын харьяалал;
  • Удирдлагын бүтэц;
  • Гэрээний хамрах хүрээ;
  • Мэдээллийн ангилал;
  • Хамгийн бага эрхийн зарчимд үндэслэн тогтооно.

12.6. Хэрэглэгчийн эрхийг тогтмол болон ажил үүрэг, байгууллага, гэрээний төлөв өөрчлөгдөх бүрд хянан шинэчилнэ.

12.7. Мэдээллийг хууль тогтоомж, Компанийн дүрэм, журамд зааснаас өөр зорилгоор ашиглах, мэдээллийн эзний зөвшөөрснөөс бусад этгээдэд дамжуулах, үзүүлэх, бусдад аливаа байдлаар шилжүүлэхийг хориглоно.

13. Мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

13.1. Компани хувийн мэдээллийг Мэдээллийн эзний зөвшөөрлийг үндэслэн дараах нөхцөлд гуравдагч этгээдэд дамжуулж болно:

  • Хуульд заасан үндэслэлээр;
  • Хөдөлмөрийн болон бусад гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор;
  • Мэдээллийн эзний эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагаар;
  • Эрх бүхий төрийн байгууллагын хууль ёсны шаардлагаар;Хуульд заасан бусад тохиолдолд.

13.2. Мэдээлэл дамжуулахдаа:

  • Дамжуулах зорилго;
  • Мэдээллийн жагсаалт, төрөл;
  • Хүлээн авагч;
  • Ашиглах эрх;
  • Хадгалах хугацаа;
  • Аюулгүй байдлын шаардлага;
  • Дахин дамжуулах хязгаарлалт;
  • Мэдээлэл устгах нөхцөлийг тодорхойлно.

13.3. Хувийн мэдээллийг худалдах, хууль тогтоомж, Компанийн дүрэм, журамд зааснаас өөр зорилгоор ашиглах, шилжүүлэх, хэрэглэгчийн арилжааны профайл үүсгэх зорилгоор ашиглахгүй.

13.4. Ажилтны сургалтын мэдээллийг хууль ёсны үндэслэлгүйгээр өөр байгууллагын ажилтанд, бусад гэрээт компанид эсхүл олон нийтэд ил болгохгүй.

14. Мэдээлэл боловсруулагч болон үйлчилгээ үзүүлэгч

14.1. Mining Skill-ийн үйл ажиллагаанд дараах төрлийн үйлчилгээ үзүүлэгч оролцож болно:

  • Сервер, дата төв болон үүлэн үйлчилгээ;
  • Программ хангамжийн хөгжүүлэлт, засвар үйлчилгээ;
  • Цахим шуудан, sms болон мэдэгдлийн үйлчилгээ;
  • Видео дамжуулалт;
  • Системийн алдаа, ажиллагааны хяналт;
  • Мэдээллийн нөөцлөлт;
  • Мэдээллийн аюулгүй байдлын үйлчилгээ;
  • Гар утасны аппликэйшний дэд үйлчилгээ;
  • Аудит болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ.

14.2. Компани мэдээлэл боловсруулагчтай бичгээр гэрээ байгуулж, дараах шаардлагыг тусгана:

  • Мэдээллийг зөвхөн Компанийн зааврын дагуу боловсруулах;
  • Зөвшөөрөгдсөн зорилгоос өөрөөр ашиглахгүй байх;
  • Мэдээллийн нууцлалыг хадгалах;
  • Зохистой техникийн болон зохион байгуулалтын хамгаалалт хэрэгжүүлэх;
  • Ажилтны хандалтыг хязгаарлах;
  • Туслан гүйцэтгэгч ашиглах нөхцөл;
  • Аюулгүй байдлын зөрчлийг даруй мэдэгдэх;
  • Мэдээллийн эзний хүсэлтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Гэрээ дуусахад мэдээллийг буцаах эсхүл аюулгүй устгах;
  • Аудит, хяналт хийх боломж олгох.

14.3. Mining Skill-д ашиглагдаж буй мэдээлэл боловсруулагчийн бүртгэлийг Компани дотооддоо хөтөлж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид холбогдох мэдээллийг өгнө.

14.5. Вэб хуудсанд гуравдагч үйлчилгээний нэрийг нийтлэхээс өмнө тухайн үйлчилгээ:

  • Бодитоор ашиглагдаж байгаа эсэх;
  • Ямар мэдээлэл хүлээн авдаг;
  • Мэдээллийн сервер хаана байрладаг;
  • Ямар зорилгоор ашигладаг;
  • Ямар хугацаагаар хадгалдаг;
  • Өөрийн нууцлалын нөхцөлтэй эсэхийг баталгаажуулна.

15. Мэдээллийг гадаад улс руу дамжуулах

15.1. Хувийн мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд, сервер эсхүл олон улсын байгууллагад дамжуулах шаардлага үүсвэл Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.

15.2. Хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзний зохих зөвшөөрөлгүйгээр мэдээллийг гадаад улс дахь этгээдэд дамжуулахгүй.

15.3. Гадаад улсад байрлах үйлчилгээ ашиглахын өмнө дараах үнэлгээг хийнэ:

  • Дамжуулах мэдээллийн төрөл;
  • Мэдээллийн эмзэг байдал;
  • Үйлчилгээ үзүүлэгчийн байршил;
  • Тухайн улсын мэдээлэл хамгаалах нөхцөл;
  • Гэрээний хамгаалалт;
  • Шифрлэлт;
  • Хандалтын хяналт;
  • Туслан гүйцэтгэгч;
  • Мэдээлэл устгах боломж;
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийн эрсдэл.

15.4. Боломжит бүхий л тохиолдолд мэдээллийг Монгол Улсад байрлах эсхүл Компанийн шаардлага хангасан серверт хадгална.

15.5. Гадаад улсад байрлах видео болон аналитик үйлчилгээ ашиглах нь хувийн мэдээлэл дамжуулах эрсдэлтэй бол хэрэглэгчид урьдчилан мэдээлж, шаардлагатай сонголт, зөвшөөрлийг хэрэгжүүлнэ.

16. Автомат боловсруулалт болон үнэлгээ

16.1. Mining Skill систем дараах ажиллагааг автоматаар гүйцэтгэж болно:

  • Сургалтын гүйцэтгэлийн хувь тооцох;
  • Шалгалтын оноо тооцох;
  • Сургалт дууссан эсэхийг тодорхойлох;
  • Гэрчилгээ үүсгэх;
  • Гэрчилгээний хугацаа дуусахыг сануулах;
  • Хоцорсон сургалтыг тодорхойлох;
  • Ажил үүрэгт үндэслэн сургалт санал болгох;
  • Аюулгүй байдлын сэжигтэй үйлдэл илрүүлэх.

16.2. Автомат боловсруулалтын үр дүн нь:

  • Хүний оролцоогүйгээр шууд сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах;
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох;
  • Хэрэглэгчийн эрхийг байнга хязгаарлах;
  • Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой нөлөөлөх шийдвэрийн цорын ганц үндэслэл болохгүй.

16.3. Ийм шийдвэр гаргах шаардлага үүсвэл эрх бүхий ажилтан:

  • Холбогдох баримтыг шалгах;
  • Системийн алдаа байгаа эсэхийг нягтлах;
  • Хэрэглэгчээс тайлбар авах;
  • Нөхцөл байдлыг бодитоор үнэлэх;
  • Шийдвэрийг хянах ажиллагааг хэрэгжүүлнэ.

16.4. Хүний оролцоогүй цахим боловсруулалт нь мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц бол хуульд заасан үнэлгээг урьдчилан хийнэ.

16.5. Хэрэглэгч автомат үнэлгээний үр дүнг хүний оролцоотой дахин хянуулах хүсэлт гаргах эрхтэй.

17. Мэдээлэл хадгалах хугацаа

17.1. Мэдээллийг дараах хүчин зүйлд үндэслэн хадгална:

  • Мэдээлэл цуглуулсан зорилго;
  • Хууль тогтоомжийн шаардлага;
  • Хөдөлмөрийн болон бусад адилтгах гэрээ;
  • Сургалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа;
  • ХАБЭА-н нотлох баримтын шаардлага;
  • Дотоод болон хөндлөнгийн аудит;
  • Осол, зөрчил, маргаан, нэхэмжлэл;
  • Компанийн баримт бичиг хадгалах хуваарь;
  • Мэдээллийн аюулгүй байдлын хэрэгцээ.

17.2. Мэдээллийн ангилал тус бүрийн хадгалах хугацааг Компанийн батлагдсан “Mining Skill мэдээлэл хадгалах болон устгах хуваарь”-аар нарийвчлан тогтооно.

17.3. Мэдээллийг хадгалахдаа дараах ерөнхий зарчмыг хэрэглэнэ:

Мэдээллийн төрөл

Хадгалах үндсэн зарчим

Хэрэглэгчийн идэвхтэй бүртгэл

Хөдөлмөрийн болон бусад гэрээний хүчинтэй хугацаанд

Сургалтын түүх

Хууль, гэрчилгээ, ХАБЭА, аудитын шаардлагын хугацаанд

Шалгалтын дэлгэрэнгүй хариулт

Үнэлгээ баталгаажуулах болон маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд

Гэрчилгээ, батламж

Гэрчилгээний хүчинтэй хугацаа болон архивын шаардлагын дагуу

Системийн лог

Кибер аюулгүй байдлын холбогдох журам, эрсдэлийн түвшинд нийцсэн хугацаанд

Дэмжлэгийн хүсэлт

Хүсэлт шийдвэрлэх болон маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хугацаанд

Нөөц хуулбар

Нөөцлөлтийн батлагдсан мөчлөгийн хугацаанд

Зөвшөөрлийн бүртгэл

Зөвшөөрөлд үндэслэсэн боловсруулалтыг нотлох шаардлагатай хугацаанд

17.4. Хадгалах хугацаа дууссан мэдээллийг:

  • Аюулгүй устгах;
  • Буцаан сэргээх боломжгүй болгох;
  • Хүнийг тодорхойлох боломжгүй болгох;
  • Хуульд нийцүүлэн архивлах аргын аль тохирохыг хэрэглэнэ.

17.5. Мэдээллийг хууль ёсны маргаан, шалгалт, аудит, мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай бол ердийн устгалын хугацааг түр түдгэлзүүлж болно.

17.6. Нөөц хуулбарт байгаа мэдээлэл нь нөөцлөлтийн мөчлөг дуусахад автоматаар дарж бичигдэх эсхүл аюулгүй устгагдана. Нөөц хуулбарыг ердийн үйл ажиллагаанд ашиглахгүй.

18. Хэрэглэгчийн бүртгэл идэвхгүй болох болон устгах

18.1. Хөдөлмөрийн болон бусад гэрээний харилцаа дууссан, ажилтан шилжсэн эсхүл систем ашиглах шаардлагагүй болсон үед хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хязгаарлах, идэвхгүй болгох эсхүл хаана.

18.2. Хэрэглэгчийн бүртгэлийг хаасан нь дараах мэдээллийг шууд устгах үндэслэл болохгүй:

  • Сургалтын түүх;
  • Ирц;
  • Шалгалтын үр дүн;
  • Гэрчилгээ;
  • Ур чадварын баталгаажуулалт;
  • ХАБЭА-н нотлох бүртгэл;
  • Аудитын мөр;
  • Осол, зөрчил, маргаантай холбоотой мэдээлэл;
  • Хууль, гэрээ, Компанийн журмаар хадгалах шаардлагатай мэдээлэл.

18.3. Хууль тогтоомжийн хүрээнд хадгалах шаардлагагүй профайл болон холбоо барих мэдээллийг устгах, хязгаарлах эсхүл архивлах арга хэмжээ авна.

18.4. Ажлаас гарсан хэрэглэгчийн мэдээллийг өдөр тутмын идэвхтэй тайлан, хайлтаас хязгаарлаж, зөвхөн архивын зохих эрхтэй хэрэглэгчид харагдах байдлаар тохируулна.

19. Мэдээллийн эзний эрх

19.1. Мэдээллийн эзэн хуульд заасан хүрээнд дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээллийг цуглуулсан эсэхийг мэдэх;
  • Мэдээллийг ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэх;
  • Өөрийн мэдээлэлтэй танилцах;
  • Мэдээллийн хуулбар авах;
  • Мэдээллийн эх сурвалжийн талаар мэдээлэл авах;
  • Алдаатай, дутуу мэдээллийг засуулах;
  • Мэдээллийг шинэчлүүлэх;
  • Хууль бусаар цуглуулсан, боловсруулсан мэдээллийг устгуулах;
  • Мэдээллийн ашиглалтыг хязгаарлуулах;
  • Зөвшөөрлөө буцаах;
  • Автомат боловсруулалтын үр дүнг дахин хянуулах;
  • Мэдээлэл дамжуулсан этгээдийн талаар мэдээлэл авах;
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийн талаар зохих мэдээлэл авах;
  • Мэдээлэл ашиглах, боловсруулах, холбогдох бусад үйл ажиллагаа нь хууль тогтоомж, Компанийн журмыг зөрчсөн гэж үзвэл энэхүү Нууцлалын нөхцөлд заасны дагуу Компани, эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах.

19.2. Мэдээлэлтэй танилцах болон хуулбар авах хүсэлтийг боломжтой тохиолдолд цахим хэлбэрээр үнэ төлбөргүй шийдвэрлэнэ.

19.3. Зарим хүсэлтийг дараах үндэслэлээр бүрэн эсхүл хэсэгчлэн хязгаарлаж болно:

  • Хуульд заасан хадгалах үүрэг;
  • Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол;
  • Компанийн нууц;
  • Мэдээллийн аюулгүй байдал;
  • Аудит, мөрдөн шалгах ажиллагаа;
  • Хууль ёсны маргаан;
  • Хүсэлт гаргагчийн хэн болохыг баталгаажуулах боломжгүй байх.

19.4. Хүсэлтийг хязгаарласан бол хуульд хориглоогүй хэмжээнд үндэслэлийг мэдээллийн эзэнд тайлбарлана.

20. Мэдээллийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?

20.1. Мэдээллийн эзэн хүсэлтээ дараах сувгаар гаргана:

Цахим шуудан: uhg.training@mmc.mn

Сургалтын мэдээлэлтэй холбоотой хүсэлт: uhg.training@mmc.mn

Утас: +976 70122279, 70132279

Хариуцсан нэгж: “Энержи Ресурс” ХХК-ийн сургалт хариуцсан нэгж

20.2. Хүсэлтэд дараах мэдээллийг оруулна:

  • Овог, нэр;
  • Ажилтны дугаар;
  • Байгууллага, нэгж;
  • Холбоо барих мэдээлэл;
  • Хүсэлтийн төрөл;
  • Хүсэлтийн тодорхой тайлбар;
  • Холбогдох сургалт, бүртгэл, огноо;
  • Шаардлагатай нотлох баримт.

20.3. Бусдын мэдээллийг зөвшөөрөлгүй задруулахаас хамгаалахын тулд хүсэлт гаргагчийн хэн болохыг баталгаажуулна.

20.4. Ажилтны байгууллага, албан тушаал, удирдлага зэрэг үндсэн мэдээлэл хүний нөөцийн эх системээс ирдэг бол засварын хүсэлтийг Хүний нөөцийн нэгж эсхүл гэрээт байгууллагын эрх бүхий төлөөлөгчид шилжүүлж болно.

20.5. Хүсэлтийг хууль болон Компанийн дотоод журамд заасан хугацаанд шийдвэрлэж, хүсэлт гаргагчид хариу өгнө.

20.6. Хүсэлт нарийн төвөгтэй, олон систем хамарсан эсхүл бусдын эрхтэй холбоотой бол шийдвэрлэх хугацааны талаар хэрэглэгчид мэдэгдэнэ.

21. Мэдээллийн аюулгүй байдал

21.1. Компани хувийн мэдээллийн нууцлагдсан, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор эрсдэлд суурилсан техникийн болон зохион байгуулалтын хамгаалалт хэрэгжүүлнэ.

21.2. Хамгаалалтын арга хэмжээнд дараах зүйлс багтах бөгөөд нэмэлтээр хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэгжүүлж болно:

Хандалтын хамгаалалт

  • Давтагдашгүй хэрэглэгчийн бүртгэл;
  • Нууц үгийн шаардлага;
  • Олон шатлалт баталгаажуулалт;
  • Үүрэгт суурилсан эрх;
  • Хамгийн бага эрхийн зарчим;
  • Удирдлагын харьяаллаар мэдээлэл тусгаарлах;
  • Идэвхгүй эрхийг тухай бүр хаах;
  • Өндөр эрхтэй хэрэглэгчийн тусгай хяналт.

Техникийн хамгаалалт

  • Шифрлэгдсэн сүлжээний холболт;
  • Сервер болон өгөгдлийн сангийн хамгаалалт;
  • Галт хана;
  • Хортой кодоос хамгаалах;
  • Эмзэг байдлын болон шинэчлэлийн удирдлага;
  • Халдлага илрүүлэх, хяналтын хэрэгсэл;
  • Нөөцлөлт;
  • Сэргээх туршилт;
  • Системийн лог болон мониторинг;
  • Хөгжүүлэлт, туршилт, үйлдвэрлэлийн орчны тусгаарлалт.

Зохион байгуулалтын хамгаалалт

  • Хувийн мэдээлэл хамгаалах дотоод журам;
  • Мэдээллийн ангилал;
  • Хандалтын зөвшөөрлийн журам;
  • Ажилтны нууцлалын үүрэг;
  • Мэдээллийн аюулгүй байдлын сургалт;
  • Мэдээлэл боловсруулагчийн хяналт;
  • Эрсдэлийн үнэлгээ;
  • Аудит;
  • Зөрчлийн хариу арга хэмжээ;
  • Бизнесийн тасралтгүй ажиллагааны төлөвлөгөө.

21.3. Мэдээллийг татаж авах, хэвлэх, экспортлох үйлдлийг хэрэглэгчийн эрх болон мэдээллийн ангиллаас хамааран хязгаарлаж болно.

21.4. Өндөр эрсдэлтэй экспорт болон администраторын үйлдлийг тусгайлан бүртгэж, хянаж болно.

21.5. Хувийн төхөөрөмж ашиглан Mining Skill-д нэвтрэх хэрэглэгч дараах үүрэгтэй:

  • Төхөөрөмжөө нууц үг, PIN эсхүл биометрик хамгаалалттай байлгах;
  • Төхөөрөмжийн үйлдлийн систем, аппликэйшнийг шинэчилсэн байх;
  • Төхөөрөмжөө бусдад хяналтгүй ашиглуулахгүй байх;
  • Нууц үгээ хадгалахгүй, дамжуулахгүй байх;
  • Төхөөрөмж алдагдсан тохиолдолд шуурхай мэдэгдэх;
  • Нийтийн болон хамгаалалтгүй төхөөрөмжөөс мэдээлэл татаж авахгүй байх.

21.6. Интернэт болон цахим системийг бүрэн эрсдэлгүй гэж баталгаажуулах боломжгүй боловч Компани эрсдэлийг зохистой түвшинд бууруулах, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах хамгаалалтыг тогтмол сайжруулна.

22. Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил

22.1. Дараах нөхцөлийг мэдээллийн аюулгүй байдлын болзошгүй зөрчилд тооцож болно:

  • Мэдээлэл алдагдах;
  • Буруу хүнд мэдээлэл илгээх;
  • Зөвшөөрөлгүй хандалт;
  • Хэрэглэгчийн бүртгэл алдагдах;
  • Мэдээлэл хууль бусаар өөрчлөгдөх, устах;
  • Төхөөрөмж алдагдах;
  • Хортой программ, фишинг халдлага;
  • Мэдээллийг зөвшөөрөлгүй татаж авах;
  • Сервер, систем кибер халдлагад өртөх;
  • Мэдээлэл боловсруулагчийн аюулгүй байдлын зөрчил.

22.2. Мэдээлэл боловсруулагч зөрчлийг мэдсэн даруйд Компанид мэдэгдэх үүрэгтэй.

22.3. Компани зөрчил илэрвэл:

  • Зөрчлийг бүртгэх;
  • Тархалтыг зогсоох;
  • Нөлөөлсөн мэдээлэл, хэрэглэгчийг тодорхойлох;
  • Эрсдэл, сөрөг үр дагаврыг үнэлэх;
  • Нотлох баримтыг хамгаалах;
  • Системийг сэргээх;
  • Нууц үг болон эрхийг шинэчлэх;
  • Давтан гарахаас сэргийлэх арга хэмжээ авах;
  • Холбогдох удирдлага, нэгжид мэдэгдэх;
  • Хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.

22.4. Зөрчил нь мэдээллийн эзний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бол мэдээллийн эзэнд даруй мэдэгдэнэ.

22.5. Мэдэгдэлд боломжтой хэмжээнд дараах мэдээллийг оруулна:

  • Зөрчлийн ерөнхий шинж;
  • Хамаарах мэдээллийн төрөл;
  • Үүсэж болзошгүй сөрөг үр дагавар;
  • Компанийн авсан арга хэмжээ;
  • Хэрэглэгчийн авах шаардлагатай арга хэмжээ;
  • Холбоо барих мэдээлэл;

22.6. Хэрэглэгч сэжигтэй тохиолдол илрүүлбэл мэдээллийг устгах, өөрчлөх, цааш дамжуулахгүйгээр нэн даруй мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал эсхүл сургалт хариуцсан нэгжид мэдэгдэнэ.

23. Гэрээт байгууллагын үүрэг

23.1. Гэрээт байгууллага Mining Skill-д ажилтны мэдээлэл оруулах, дамжуулахдаа:

  • Хуульд нийцсэн байх;
  • Мэдээллийн эзний зөвшөөрлийг авсан байх;
  • Зөвхөн шаардлагатай мэдээлэл дамжуулах;
  • Ажилтанд шаардлагатай мэдээлэл өгөх;
  • Мэдээллийн үнэн зөв байдлыг хангах;
  • Өөрчлөлтийг тухай бүр шинэчлэх;
  • Ажлаас гарсан ажилтны талаар мэдэгдэх;
  • Өөрийн эрх бүхий ажилтныг тодорхойлох;
  • Нэвтрэх эрхийг бусдад дамжуулахгүй байх;
  • Тайлан, экспортын мэдээллийг хамгаалах;
  • Мэдээллийг өөр зорилгоор ашиглахгүй байх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөрчлийг даруй мэдээлэх үүрэгтэй.

23.2. Гэрээт байгууллагын администратор зөвхөн өөрийн байгууллагын ажилтны шаардлагатай мэдээлэлд нэвтэрнэ.

23.3. Гэрээт байгууллага Mining Skill-ээс авсан мэдээллийг:

  • Бусад байгууллага, хувь хүнд дамжуулах;
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр олон нийтэд мэдээлэх;
  • Хувийн төхөөрөмжид хамгаалалтгүй хадгалах;
  • Зөвшөөрөлгүй мессэж, групп, цахим шуудангаар түгээх;
  • Сургалтын зорилгоос өөрөөр ашиглахыг хориглоно.

23.4. Гэрээт байгууллагын Mining Skill ашиглах эрх, үүрэг, мэдээлэл хамгаалах шаардлагыг гэрээ болон нууцлалын баталгаагаар нэмэлтээр зохицуулж болно.

24. Хэрэглэгчийн үүрэг

24.1. Хэрэглэгч дараах үүрэгтэй:

  • Үнэн зөв мэдээлэл өгөх;
  • Мэдээлэл өөрчлөгдвөл тухай бүр шинэчлэх;
  • Зөвхөн өөрийн хэрэглэгчийн бүртгэлийг ашиглах;
  • Нууц үг, баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байх;
  • Бусдын мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байх;
  • Тайлан, зураг, дэлгэцийн мэдээллийг зөвшөөрөлгүй түгээхгүй байх;
  • Хувийн мэдээлэл бүхий файлыг хамгаалалтгүй төхөөрөмжид хадгалахгүй байх;
  • Сургалтын мэдээллийг сошиал сүлжээ, нийтийн мессэжийн группт нийтлэхгүй байх;
  • Мэдээллийн алдаа, зөрчил, сэжигтэй үйлдлийг мэдэгдэх;
  • Компанийн мэдээллийн аюулгүй байдлын журмыг мөрдөх.

24.2. Удирдах ажилтан өөрийн харах эрхтэй ажилтны мэдээллийг зөвхөн сургалт, ажил үүрэг, ХАБЭА, гүйцэтгэлийн хууль ёсны зорилгоор ашиглана.

24.3. Хэрэглэгч сургалтын тайланг татаж авсан бол тухайн файлд Компанийн мэдээллийн хамгаалалтын шаардлага нэгэн адил үйлчилнэ.

25. Хүүхэд болон насанд хүрээгүй хүний мэдээлэл

25.1. Mining Skill нь ерөнхий хэрэглээний хүүхдийн цахим үйлчилгээ биш бөгөөд Компанийн болон гэрээт байгууллагын хөдөлмөр эрхлэлт, сургалтын албан ёсны харилцаанд оролцож буй хэрэглэгчдэд зориулагдана.

25.2. Насанд хүрээгүй дадлагажигч, суралцагч эсхүл бусад хэрэглэгчийг Mining Skill-д хамруулах шаардлага үүсвэл:

  • Хөдөлмөрийн болон боловсролын холбогдох хууль тогтоомжийг мөрдөх;
  • Хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл шаардагдах эсэхийг тодруулах;
  • Сургалтын байгууллагын гэрээ;
  • Мэдээлэл боловсруулах тусгай хамгаалалт;
  • Хамгийн бага мэдээлэл цуглуулах зарчмыг баримтална.

25.3. Насанд хүрээгүй хэрэглэгчийн мэдээллийг маркетинг, профайл үүсгэх болон сургалтын зорилгод хамааралгүй үйл ажиллагаанд ашиглахгүй.

26. Гадаад холбоос болон суулгагдсан контент

26.1. Mining Skill нь сургалтын зорилгоор гуравдагч талын вэбсайт, видео болон бусад контентын холбоос агуулж болно.

26.2. Гадаад холбоосоор өөр системд шилжсэн тохиолдолд тухайн үйлчилгээний нууцлалын нөхцөл үйлчилж болно.

26.3. Компани гадаад контентыг оруулахын өмнө боломжит хэмжээнд:

  • Аюулгүй байдал;
  • Мэдээлэл цуглуулах нөхцөл;
  • Күүки;
  • Сурталчилгаа;
  • Хэрэглэгч хянах технологи;
  • Хүүхэд болон ажилтны мэдээлэлд үзүүлэх эрсдэлийг үнэлнэ.

26.4. Гуравдагч талын контент нь шаардлагагүй мэдээлэл цуглуулах эрсдэлтэй бол нууцлал сайжруулсан горим, зөвшөөрлийн удирдлага эсхүл өөрийн серверт байршуулсан шийдлийг сонгоно.

27. Судалгаа, статистик болон тайлан

27.1. Сургалтын чанар, хэрэгцээ, үр нөлөөг үнэлэх зорилгоор мэдээллийг статистик болон судалгаанд ашиглаж болно.

27.2. Боломжтой тохиолдолд мэдээллийг:

  • Нэгтгэх;
  • Нэргүйжүүлэх;
  • Ажилтны дугаар, нэрийг хасах;
  • Үр дүнг бүлгийн түвшинд харуулах;
  • Цөөн хүнтэй бүлгийн мэдээллийг хязгаарлах аргаар хамгаална.

27.3. Хүнийг дахин тодорхойлох боломжтой дэлгэрэнгүй тайланг зөвхөн эрх бүхий хэрэглэгч ашиглана.

27.4. Судалгааны үр дүнг олон нийтэд нийтлэх бол хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй болгосон байна.

28. Сурталчилгаа болон арилжааны ашиглалт

28.1. Mining Skill нь байгууллагын дотоод сургалтын систем бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг:

  • Худалдах, зохих зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлэх, шилжүүлэх, дамжуулах;
  • Гуравдагч талын сурталчилгаанд ашиглуулах;
  • Арилжааны хэрэглэгчийн профайл үүсгэх;
  • Сургалтын зорилгод хамааралгүй маркетингийн мессэж илгээхэд ашиглахгүй.

28.2. Компанийн сургалт, ХАБЭА, системийн ажиллагаа, гэрчилгээний хугацаатай холбоотой мэдэгдлийг үйлчилгээний болон ажлын шаардлагатай мэдэгдэлд тооцно.

29. Нууцлалын нөхцөлд өөрчлөлт оруулах

29.1. Дараах нөхцөлд Нууцлалын бодлогыг шинэчилж болно:

  • Хууль тогтоомж өөрчлөгдөх;
  • Компанийн бодлого, бүтэц өөрчлөгдөх;
  • Mining skill-ийн шинэ боломж нэвтрэх;
  • Цуглуулах мэдээллийн төрөл өөрчлөгдөх;
  • Шинэ мэдээлэл боловсруулагч ашиглах;
  • Мэдээллийг гадаад улс руу дамжуулах нөхцөл үүсэх;
  • Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл өөрчлөгдөх;
  • Аудит, үнэлгээ, зөрчлийн үр дүнд сайжруулалт хийх.

29.2. Нөхцөлд дараах хувилбарын мэдээллийг хадгална:

  • Хувилбарын дугаар;
  • Баталсан огноо;
  • Хүчин төгөлдөр огноо;
  • Өөрчлөлтийн товч тайлбар;
  • Баталсан албан тушаалтан.

29.3. Хэрэглэгчийн эрх, мэдээлэл боловсруулах зорилго болон мэдээлэл дамжуулах нөхцөлд бодитой нөлөөлөх өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө:

  • Системийн мэдэгдэл;
  • Цахим шуудан;
  • Гар утасны аппликэйшний мэдэгдэл;
  • Компанийн дотоод мэдээллийн сувгаар мэдээлнэ.

29.4. Шинээр зөвшөөрөл шаардсан мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд хэрэглэгчээс тусдаа зөвшөөрөл авна.

29.5. Нууцлалын бодлогын өмнөх хувилбарыг архивлан хадгална.

30. Санал, хүсэлт, гомдол

30.1. Хэрэглэгч хувийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг эхний ээлжид Компанид гаргана.

30.2. Гомдолд дараах мэдээллийг оруулна:

  • Гомдол гаргагчийн нэр;
  • Ажилтны дугаар;
  • Байгууллага;
  • Холбоо барих мэдээлэл;
  • Асуудлын тайлбар;
  • Холбогдох огноо;
  • Боломжтой нотлох баримт;
  • Хүсэж буй шийдэл.

30.3. Компани гомдлыг:

  • Бүртгэх;
  • Хариуцсан нэгжид шилжүүлэх;
  • Холбогдох лог, баримтыг хамгаалах;
  • Ашиг сонирхлын зөрчилгүй ажилтнаар шалгуулах;
  • Хууль, журмын хугацаанд шийдвэрлэх;
  • Шийдвэр болон үндэслэлийг мэдээлэх ажиллагааг хэрэгжүүлнэ.

30.4. Хэрэглэгч Компанийн шийдвэртэй санал нийлэхгүй эсхүл хувийн мэдээллийн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, холбогдох эрх бүхий байгууллага эсхүл шүүхэд хуульд заасан журмаар хандах эрхтэй.

31. Холбоо барих

Сургалтын бүртгэл болон Mining Skill-ийн ашиглалт

Хариуцсан нэгж: “Энержи Ресурс” ХХК-ийн сургалт хариуцсан нэгж

Цахим шуудан: uhg.training@mmc.mn

Утас: +976 70122279, 70132279

Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил

Цахим шуудан: uhg.training@mmc.mn

Утас: +976 88066536

32. Хүчин төгөлдөр болох

32.1. Энэхүү Нууцлалын нөхцөл нь “Энержи Ресурс” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнаар батлагдаж, Mining Skill системд нийтлэгдсэн болон батлах шийдвэрт заасан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

32.2. Энэхүү Нууцлалын нөхцөл https://miningskill.energyresources.mn/privacy вэбсайтад нийтлэгдсэн өдрөөс эхлэн тус бодлогын өмнөх хувилбар хүчингүй болно.

32.3. Энэхүү бодлогын монгол хэл дээрх батлагдсан хувилбар нь албан ёсны эх болно.


Энержи Ресурс ХХК
Сайн байна уу, сургалтын санал хүсэлтээ өгнө үү.
×